“Emotionally stable” хүн гэж хэн бэ?
10 жилд байхаасаа л сонсож ирсэн үг нь “Ankhmaa is emotional, she is so emotional” гэдэг үгс байлаа. Эхэндээ өөрийгөө ингэж боддоггүй, энэ нь юу гэсэн үг болохыг бүрэн ойлгоогүй ч яваандаа “Би бол эмошионол хүн” хэмээн өөрийгөө тодорхойлдог болсон юм. Би бодохдоо гадагшаа (extravert), сэтгэл хөдлөлөө маш ихээр илэрхийлдэг (expressive), заа тэгээд ер нь нээлттэй, их ярьдаг, сэтгэл хөдлөл өндөртэй хүнийг л ингэж нэрлэдэг юм байна гэж ойлгодог байлаа.
“Emotional” байх нь буруу гэсэн ойлголтыг эргэн тойрноосоо авдаг байлаа (эсвэл би л ингэж мэдэрдэг байсан байх). Тэгээд би их ярьж болохгүй юм байна, сэтгэл хөдлөл мэдрэмжээ нээлттэйгээр илэрхийлж болохгүй юм байна хэмээн нэг хэсэг дарамт мэдэрдэг байсан юм. Миний зүгээр байгаа нь л энэ байхад энэ нь муу юм гэж үү? гээд л. Тийм дээ ч нэг хэсэг чимээгүй, дуугүй байх гэж хичээсэн. Миний дуу ихтэй байдал минь эргэн тойрныхонд, хайртай хүмүүст минь таалагддаггүй юм байна гэж бодсон учраас тэр шүү дээ.
Гэтэл өнгөрсөн жил миний энэ бодол буруу болохыг ойлгосон юм. Дуу ихтэй, гадагшаа байх нь огт буруу биш байсан юм байна лээ. Харин тухайн үед төрж буй мэдрэмж бүрийг үнэн гэж бодож байсан нь л буруу байсныг ойлгосон юм. Эргэн тойрныхон минь үүнийг л ойлгуулах гээд байжээ.
Саяхан нэгэн үл ойлголцол гарсан юм. Миний авахыг хүсэж байсан “Kindle”-г эгч маань өөр хүнд өгчихжээ. Би бөөн гомдол. Би танд хэлсэн шүү дээ, би аль хэдэн жилийн өмнөөс л хэлсэн. Намайг үүнийг хүсэж байсан гэдгийг мэдсээр байж гээд л. Доторх мэдрэмж минь өөрийгөө зөвтгөх, тэр хүмүүсийг буруутгах сая сая шалтгаануудыг надад сануулж байлаа. Сүүлдээ, ер нь эгч чинь чамаас илүү түүнийг илүүд үздэг, чамд өгөхийг хүсээгүй, угаасаа л чиний ярьсан зүйлийг нэг их тоодоггүй биз дээ гэсэн бодол төрөв. Миний хувьд бодож байгаа зүйлээ илэрхийлэхийг хүсдэг учир энэ бүх бодлоо өнөөх эгчдээ хэлсэн юм. Гэтэл эгч минь үнэхээр уучлалт гуйгаад, намайг “Kindle”-тэй болохыг тийм их хүсэж байсныг үнэхээр мэдээгүйгээ хэлэв. Эгч маань үнэхээр мэдээгүй байв.
Харин надад хоёр сонголт гарч ирлээ. Эгчийн хэлсэн үгэнд итгээд гомдлоо тавьж явуулах эсвэл үргэлжлүүлэн гомдсоор байх. Энэ нь бидний харилцаанд маш томоор нөлөөлнө гэдгийг мэдэж байсан юм. Миний мэдрэмж бол үргэлжлүүлэн гомдсоор байхыг л санал болгож, намайг ятгасаар байв. Харин энэ нь хэнд ч ашиггүй бөгөөд эгчтэйгээ харилцах харилцааг минь улам л хөндийрүүлэх аж. Тэгээд би мэдрэмжээ сонсохгүй байхыг сонгосон, эгчийнхээ үгэнд итгэсэн. Бидний харилцаа ч эргээд хивэндээ орсон.
“Emotional” гэдэг үгийн утга энд гарч байна:Тухайн үеийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг бодит үнэнээс дээгүүр тавих. Ихэнх тохиолдолд энэ нь тийм ч ухаалаг биш шийдвэр юм. (Гэхдээ хэзээ ч мэдрэмжээ дагаж болохгүй гэсэн үг бас биш л дээ) Над шиг “emotional” хүмүүсийн хувьд төрж байгаа мэдрэмжийг бодит байдлаас ялгаж харахад хэцүү байдаг. Бидэнд төрж буй мэдрэмж маш хүчтэй байдаг учраас нүдийг маань сохолчихдог гэсэн үг. Тиймээс 100 хувь үнэн мэт санагдаж, өөр юуг ч тоодоггүй.
Тэгэхээр “emotionally stable” хүн гэдэг нь юу ч мэдэрдэггүй эсвэл хүчтэй мэдрэмж төрдөггүй хүнийг хэлдэггүй байх нь. Мэдрэмжээ илэрхийлдэггүй, дуу цөөнтэй ч хүн биш. Харин юу ч мэдрэгдэж байсан зөвхөн тэр л мэдрэмжээрээ удирдуулдаггүй, мэдрэмжийнхээ дээгүүр эрх мэдэлтэй, түүнийгээ захирч чаддаг, ямар үед юуг нь ил гаргахаа мэддэг хүнийг хэлэх юм байна гэдгийг ойлгосон.
Магадгүй гадагшаа, сэтгэл хөдлөл өндөртэй хүмүүс нь мэдрэмжээрээ удирдуулдаг байх магадлал их байдаг болов уу. Гэхдээ тэгээд яахав дээ…