“Sleep smarter” номоос юу хэрэгжүүлж болох вэ?
Хөл хорионы үеэр нойроо зохицуулах нь хүн бүрд л тулгарч буй чалленжүүдийн нэг байх. Өнгөрсөн сард “Ухаалгаар унтах” гэсэн энэхүү номыг уншсан нь миний хувьд хамгийн практик ном байлаа. Танил бус зарим химийн элементүүдийг эс тооцвол шууд л хэрэгжүүлж болохуйц, амьдралд ойр байдал нь хамгийн их таалагдсан юм. Нойрны талаарх товч ойлголтууд болон хөл хорионы үеэр хэрхэн ухаалгаар унтах талаар доор хураангуйлан бичлээ.
Хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй зүйл бол хүн заавал унтаж амрах ёстой. Үр бүтээмжтэй ажиллахын үндэс нь өдөр бүрийн 7–9 цагийн нойр. Тус номд мэс заслын эмч нар 24 цаг унтаагүй байх үедээ мэс засалд орвол хэвийн үеэсээ 14 хувиар урт хугацаа зарцуулж, алдаа гаргах магадлал нь 20 хувиар нэмэгддэгийг дурдсан байдаг. Гол санаа нь бүтээмжид нойр маш чухал. Бүтээмжээ дээшлүүлэх гээд нойроо хасах нь тийм ч ухаалаг хэрэг биш юм.
Гэхдээ энэ үеэр нойроо бүрэн авахгүй байх асуудал тийм ч их тулгарахгүй байгаа биз ээ. Харин эрт унтаж, эрт сэрэх нь хүндхэн даваануудын нэг болсон байх. Тус ном оройн 10 цагаас 02 цагийн хооронд унтахыг санал болгодог. Энэ үеэр бидний бие организм мелатонин, өсөлтийн даавар зэргийг хамгийн ихээр ялгаруулж байдаг. Өөрөөр хэлбэл шөнө илүү гүн нойрсож, залуу хэвээрээ үлдэхэд тустай гэсэн үг. Харин 02:00 цагаас хойш унтаж байгаа хүмүүс хэдий 8 9 цагийн нойроо авсан ч бүрэн амарч чаддаггүй байна. Тэгэхээр шөнөжингөө солонгос кино үздэг хүмүүс үүнийг бодолцож үзэх хэрэгтэй биз ээ.
Дараагийн нэг зүйл нь гэрэл. Сайн амрахад өрөө гэрэлгүй, харанхуй байх нь чухал. Харин эрт сэрэхийг хүсэж байвал өрөөндөө гэрэл оруулаарай. Энд дэлгэцийн цэнхэр гэрэл мөн хамаарна. Көүч нар унтахаасаа 60 минутын өмнө утсаа оролдохгүй байхыг зөвлөдөг юм байна лээ. Үүнийг өнөөдрөөс ч хэрэгжүүлж болно. Миний хувьд үнэхээр нэмэртэй санагдсан шүү. Орондоо ороод шууд унтахад нэг цагийн өмнөөс утсаа оролдохгүй байх нь тус болж байгаа.
Кофе уудаг хүмүүсийн хувьд 16:00 цагаас хойш хэрэглэхгүй байхыг тус ном зөвлөдөг. Учир нь кофеины нөлөө удаан хугацаагаар үргэлжилдэг байна. Миний хувьд өдөржингөө ажиллаад, 17 цагийн үед кофе уудаг зуршилтай байсан юм. Ихэвчлэн 21 цаг хүртэл ажиллах шаардлага гардаг болохоор тэр цагтаа сэргэг байхын тулд ийнхүү уудаг. Тэгэхээр кофе уух цагаа ядаж л бага зэрэг урагшлуулъя гэж бодож байна даа.
Энэ номоос надад хамгийн сонирхолтой санагдсан нэг хэсэг бол унтлагын өрөөний “ариун цэвэр” юм. Унтлагын өрөөг ариун, ариусгалын газартай зүйрлэсэн байсан бөгөөд энд хэзээ ч ажлаа хийж болохгүйг анхааруулжээ. Мөн өрөөндөө тавьж болох олон янзын гэрийн ургамлыг санал болгосон байсан. Английн мөлхөө ургамал (Ivy), Хадам эхийн хэл (Mother-in-law’s tongue) зэрэг нь хамгийн тохиромжтой юм гэнэ лээ. Унтлагын өрөөг бусад газраас тусад нь, ангид байлгах санаа хамгийн их таалагдсан шүү.
Эцэст нь хэлэхэд хөл хорионоос болоод амьдралын хэвийн хэмнэл алдагдаж байгаа ч шөнийн 2 цагаас өмнө унтах, унтахаасаа өмнө утсаа оролдохгүй байх гэсэн хоёр л зорилгыг энэ сардаа тавиад үзээрэй. Энгийн сонсогдож байгаа ч үнэхээр үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Карантины үеэр ухаалгаар унтах зуршилтай болъё доо, монгол хүн байна даа!