Арга хэмжээ хэрхэн зохион байгуулах вэ?

Anhmaa Erdenebaatar
3 min readJan 8, 2021

--

Хөл хорионы өмнөхөн нэг кафе түрээслээд, тэндээ жижиг арга хэмжээ зохион байгуулсан юм. Тухайн үедээ “Lead like a couch” номыг уншиж таарсан нь сурсан зүйлээ хэрэгжүүлэх боломж олдов.

Том жижиг нийлээд жилдээ арваад арга хэмжээ, хөтөлбөр зохион байгуулахад ямар нэгэн байдлаар оролцдог. Ингэхдээ ихэвчлэн дараах байдлаар зохион байгуулдаг.

Хамгийн түрүүнд зохион байгуулах багаа хоёр хуваах хэрэгтэй: Ложистик болон Програм

Ложигтикийн үүрэг бол арга хэмжээнээс өмнө шаардлагатай бүхий л зүйлийг бэлдэнэ. Зар сурталчилгаа, маркетинг, хоол, хэрэгцээтэй материал, зохион байгуулах газар, чимэглэл, сандал ширээний тоо, залгуурууд нь ажилладаг эсэх, арын хөгжим гээд ер нь шаардлагатай бүхий л зүйл орно доо. Үүнийг нэг хүн хариуцаж ажиллана.

Програмын хувьд тухайн өдрийн арга хэмжээний хөтөлбөрийг бүхэлд нь хариуцна. Хөтөлбөрийн хуваарийг гаргаж, үзүүлбэр бэлдэж байгаа бол тэнд хэн хэн оролцохыг зохицуулна. Арга хэмжээ амжилттай, сонирхолтой болох эсэх нь програм хариуцсан хүнээс ихээхэн хамаарна даа.

Мөн Director буюу найруулагч, дарга гэж бий. Миний хувьд хамгийн сүүлийн арга хэмжээнд director-оор ажилласан. Гол үүрэг нь ложистик болон програмыг удирдана, тэдэнтэй уулзаж үйл явцыг нь хянана. Мэдээж гол чиглүүлгийг өгч, жанжин шугамаа алдахгүй явахад нь туслах үүрэгтэй. Арга хэмжээ бүтэлгүйтэж, маш муу болбол энэ бүх хариуцлагыг director үүрнэ. Гадна талдаа нэг их юм хийхгүй байгаа юм шиг хирнээ дотроо баахан юм бодож төлөвлөх шаардлагатай ажил шиг санагдсан. Бас хамгийн дарамт ихтэй нь. Нийт багийг ахалж ажиллаж байгаа учраас хариуцлага хамгийн өндөртэй. Гэхдээ гайхалтай ажил шүү.

Дуулдаг, бүжиглэдэг, жүжиглэдэг, үгэлдэг, ярьдаг, зурдаг, чимэглэдэг, иддэг гээд есөн шид нь бүрдсэн манай багийнхан

“Lead like a couch” буюу Дасгалжуулагч шиг удирд номыг уншиж байх үед надад таалагдсан нэг санаа бол хэрхэн багийнхандаа эрх чөлөөг олгох тухай байсан юм. Мэдээж би арга хэмжээний минут бүрийг төлөвлөж, тэр бүгдэд хандсан тодорхой хараа байсан. Жишээ нь ийм ийм үзүүлбэрүүд орно, ингэж харагдана, ийм түвшинд байх ёстой гээд л. Гэхдээ ингэж зөвхөн өөрийнхөө бодлыг багт тэр чигт нь тулгах бол тийм ч ухаалаг биш болохыг тус ном дурдаж байсан. Яг үнэндээ би шилдэг санаа гаргасан байж болох ч шилдэг санаа бүрийг хэрэгжүүлэхээр тулгах нь заавал зөв байх албагүй ажээ.

Тиймээс аль болох багийнхандаа эрх чөлөө олгохыг хичээж байсан. Чи энэ хэсгийг хариуцан авч байна, харин юу хийх нь чиний дур гээд л. Мэдээж энэ нь назгайрахыг зөвшөөрч байна гэсэн үг биш, харин бүтээлч байдлыг нь л дэмжиж байгаа юм. Энэ арга маш сайн хэрэгжсэн гэж бодож байгаа шүү.

Нөгөө талаар багийн уур амьсгал их чухал. Энэ нь ойлгомжтой юм шиг боловч анхаарахад илүүдэхгүй. Багийн ахлагчийн хувьд багийнхаа хүн нэг бүрийг халамжлах хэрэгтэй. Бэлтгэлийн үеэр хэн нэгэн бага зэрэг гунигтай эсвэл маргаан үүссэн байгааг анзаарвал шууд л юу болсныг нь асууж, шийдэх нь чухал. Тэднийгээ урамшуулж, сайн байгааг нь сануулан, хоол авч өгсөн ч болно. Урам зориг бол багийнхнаа хөдөлгөх асар том хүч шүү дээ.

Миний хувьд багийнхандаа тэвчээртэй хандах нь өсөх хэрэгтэй нэг хэсэг юм шиг санагдсан. Хүлээлтэд хүрэхгүй эсвэл аль хэдийн ярилцсан зүйлийг ойлгоогүй байх үед уур хүрдэг. Гэхдээ тэгээд амь биш заяа биш, эцэст нь харилцаагаа авч үлдэх нь л чухал юм даа. Уурлаж, загнахын оронд бүтээлч шүүмжлэл, эрүүл санал шүүмж өгөхөд суралцах хэрэгтэй гэж бодсон.

Төгсөв.

--

--

Anhmaa Erdenebaatar
Anhmaa Erdenebaatar

No responses yet